/ / БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧЛЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧЛЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

 Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс өнөөдөр 14 сумын Онцгой комисстой өргөтгөсөн хурал зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн  Улсын Онцгой комиссын шийдвэрийн биелэлтийг хангах тухай” Засаг даргын А/176 захирамж батлагдав.

       Тодруулбал, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан аймгаас орох, гарах иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас, сумаас сумын хооронд зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагаас тус тус зогсоохоор боллоо.  

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АЙРАГ, АЛТАНШИРЭЭ, ДАЛАНЖАРГАЛАН, САЙХАНДУЛААН, САЙНШАНД, ИХХЭТ, ЗАМЫН-ҮҮД СУМ ШИЛЖЛЭЭ

        Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Сайхандулаан, Сайншанд, Иххэт, Замын-Үүд сумыг шилжүүлж, халдварын тархалтын “Улаан түвшин”-д 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 11-ны 06:00 цаг хүртэл шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны  боловсролын байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, өдөр  өнжүүлэх  болон бүх төрлийн сургалтын төв, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, сүм  хийд, шашны  байгууллагын  үйл  ажиллагаа, нийтийн хоолны үйлчилгээ, фитнесс, саун, халуун ус, нийтийн  бүжиг, соёл спортын клуб, бариа засал, үсчин, гоо сайхны  бүх төрлийн үйлчилгээг хязгаарлалаа. Дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагаас иргэдэд үйлчлэх  цагийн  хязгаарыг  19:00 цаг  хүртэл  болгон өөрчилж, иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд 20:00 цагаас бүрэн зогсоохоор болов. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  үйл  ажиллагааг  зогсоосонтой холбогдуулан зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг таслан зогсоож, хяналт тавьж  ажиллахыг тус, тус холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ДЭЛГЭРЭХ, МАНДАХ, ӨРГӨН, ХАТАНБУЛАГ, ХӨВСГӨЛ, УЛААНБАДРАХ, ЭРДЭНЭ СУМ ШИЛЖЛЭЭ

        Дэлгэрэх, Мандах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу халдварын тархалтын “Улбар шар түвшин”-д  03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 11-ны 06:00 цаг хүртэл шилжүүлж, соёл  урлаг,  кинотеатр, спортын тэмцээн  уралдаан, олон  нийтийг хамарсан  хурал, цуглаан, сургалт, жагсаал  цуглаан, нийтийн үзвэр, үйлчилгээний газар (баар, караоке), цахим болон  бүх төрлийн  хүүхдийн  тоглоомын  газрын  үйл  ажиллагааг хязгаарлав.

       Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагааг хэвийн горимоор ажиллуулах, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх дээр анхаарч ажиллах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд, суралцагчдыг гудамж талбай, тоглоомын талбай, олон нийтийн газар зорчуулахгүй байхыг холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна