/ / Гэр орон сууцанд архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцлийг бий болгож байна.

Гэр орон сууцанд архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцлийг бий болгож байна.

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын УСА хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Өлзийсүрэн: Гэр орон сууцанд архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцлийг бий болгож байна.

Дорноговь аймагт 2020 онд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  дэд хөтөлбөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 69 дүгээр тогтоолоор баталж хэрэгжүүлэн ажиллаж байгаа таатай мэдээ байна.

Ингээд тус аймаг дахь цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил  хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Өлзийсүрэнтэй цаг үеийн нөхцөл байдлаар талаар ярилцлаа.

 

 

-COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяар ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа аймгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгнө үү.

Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/199 дугаартай захирамжаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэл хугацаанд шилжүүлсэн ч энэ хугацааг үргэлжлүүлэн 03 дугаар сарын 30-ны хүртэл сунгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд сүм, хийд, баар, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг 10.00-18.00 цагийн хооронд худалдаа үйлчилгээг явуулж байна. Цагдаагийн газраас дээрхи газруудын үйл ажиллагаанд өдөр тутам эргүүлийн чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.

-Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага мэдээллийн нөхцөл байдал ямар байна бэ?

Монгол Улсад 2017 оны 02 дугаар сарын 01-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт иргэдийн дунд нэмэгдсэн. Мөн иргэдээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх, ирүүлэх нь ч нэмэгдсэн. Энэ нь иргэдийн эрх зүйн мэдлэг, ухамсар сайжирсны илрэл гэж үзэж болно. 2020 оны эхний 02 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа. Жишээ нь: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан 12.1 хүчиндэх, 12.5 арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн гэмт хэрэг өмнөх оны 02 дугаар сард 10 үйлдэгдсэн байсан бол энэ оны эхний 2 дугаар сарын байдлаар 1 бүртгэгдэж 90 хувь буурсан үзүүлэлттэй байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ер нь ямар хуулиар хариуцлага хүлээлгэж ажиллаж байна бэ?

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан зүйл ангиар шүүхээс 7-30 хоног баривчлах шийтгэл, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар зургаан сар зорчих эрхийг хязгаарлахаас эхлээд хоёр жил хүртлэх хугацаагаар хорих шийтгэл хүлээлгэдэг байгаа.

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил арга хэмжээ талаар ярина уу?

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн онд Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс шат дараатай  аян, нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулсан. Мөн энэ оны 03 дугаар сарын 09-нөөс 27-ны хооронд ЦЕГ-ын ГБХТХ-ээс орон даяар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй”, мөн Хэрэг бүртгэх албанаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архины хор хөнөөлийн талаар  “Архигүй орчин” гэсэн 2 нэгдсэн арга хэмжээ, аяныг орон даяар зохион байгуулсан. Тус цагдаагийн газраас хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд уг аян, нэгдсэн арга хэмжээг иргэд, олон нийтэд нөлөөллийн ажил арга хэмжээгээр болон орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашигласан цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байна.

Мөн Дорногоговь аймагт 2020 онд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн 2 дэд хөтөлбөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 69 дүгээр тогтоолоор батлаж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхэд, иргэдэд нэн яаралтай хамгаалалтын тусламж үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий “Хамгаалалтын байр” тус аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд 2018, 2019 онуудад орон нутгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг хамгаалалтын байрнууд ашиглалтанд орсноор гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон хүүхэд, иргэд /эмэгтэйчүүд/-ийг нэн шаардлагатай хамгаалалтын үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, хариу тусламж үйлчилгээнд хамруулахад таатай нөхцөл боломж бүрдсэн.

-Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцлийг талаар ярина уу?

Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлд олон шалтгаан нөхцөл байдаг. Хамгийн түгээмэл нь гэр орон сууцанд архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцлийг бий болгодог.

Мөн түүнээс гадна гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүлээс гадуурх явдал гэх мэт шалтгаан нөхцлүүд дийлэнхийг нь эзэлдэг.

-Хорио цээрийн дэглэм тогтоож нутаг дэвсгэрийн хүрээнд архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон үед иргэн, аж ахуйн нэгж хууль бусаар худалдан борлуулсан байдал хэр байгаа бэ? Мөн ямар хариуцлага оногдуулдаг талаар ....

Цагиийн хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд гар дээрээс хууль бусаар архи худалдах зөрчил гарахаас урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагад бүртгэлтэй архи зардаг иргэдийн хөдөлгөөнд давхар хяналт тавьж ажиллаж байгаа. Гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 2 иргэн, цагийн хязгаарлалтыг зөрчсөн 2 аж ахуйн нэгж илрүүлэн зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэнийг 150000 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 1500000 төгрөгөөр торгож хариуцлага тооцдог. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч  байгаа шийдвэрийг  иргэн бүр дагаж, мөрдөх нь хүн бүрийн үүрэг гэдгийг ойлгох  шаардлагатай байна.

-Уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход иргэд олон нийтийн оролцооны талаар....

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагааг зөвхөн цагдаагийн байгууллагын ажил мэт таашаа ойлголт нийгмийн зарим хэсэгт байдаг. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар прокурор, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, бүх шатны засаг дарга, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага гэх мэт олон байгууллага аж ахуйн нэгж, иргэний үүргийг тусгасан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл сүүлийн үед хөршүүдээс их ирдэг болсон. Энэ нь иргэдийн эрх зүйн мэдлэг тэр чинээгээрээ дээшилсэн  байгаагийн илрэл юм. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тэр хэмжээгээр олон мянган хүүхэд өнчирч байгаа. Бидэнд уг тоог багасгах боломж бүрэн байна. Иймд иргэд та бүхнийг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

                                                                                                                    Ярилцсан: Н.Ариунтуяа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна